...
...

Хэрэгцээ үндэслэл

Өнөөгийн хүн төрөлхтөн урьд өмнө хэзээ ч байгаагүй их “өөрчлөлт”-ийн эрин үед амьдарч байна. Энэ нь зөвхөн байгаль орчинд гарч буй өөрчлөлт төдийгүй мөн нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт бууралтын талаар нарийн гинжин хэлхээнд орших хүний амьдралын бүх хүрээг хамарч байна. Дэлхий үүсээд 4.5 тэрбум жил, хүн үүсээд нэг сая гаруй жил болж байна гэж үздэг. Үүнтэй харьцуулахад, бидний амьдралыг хамарсан “үсрэнгүй” өөрчлөлт маш богино “настай” буюу ердөө л XX зууны II хагасаас эхэлжээ. Гэвч үүний далайц асар их. Дэлхийн хүн амын өсөлт, хотжилт, дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжил асар хурдасч, шинжлэх ухааны ололт, амжилт эрчимжин, шинэ, шинэ нээлтүүд гарч байгаа зэрэг цөөхөн үзүүлэлтээс ч энэ их өөрчлөлтийн хандлагын зүг чигийг тодорхойлж болно.

...
...

Энэхүү хөгжил дэвшлийн үзэгдэл нь нэг талдаа сайн зүйл боловч нөгөө талаар газар тариалан, мал аж ахуй, ан агнуур, үйлдвэржилт болон хотжилт, ашигт малтмал, түүхий эдийн боловсруулалтаас гарч буй бохир ус, хог хаягдал, хорт хий зэрэг нь гол мөрөн, далай тэнгисийн ус, агаар мандлыг ихээр бохирдуулж, олон төрөл зүйлийн ургамал, амьтдыг устахад хүргэж, байгалийн тэнцвэрт байдал алдагдан, дэлхийн уур амьсгал, экосистемд сөргөөр нөлөөлсөөр байна.

Иймд ирээдүй хойч үеийнхний эдийн засаг, нийгэм, байгаль орчны боловсролыг дээшлүүлэх нь тогтвортой хөгжлийг хангах гол арга зам гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байна. Боловсрол нь байгаль орчны болон ёс суртахууны мэдлэг олгох, тогтвортой хөгжлийн талаарх хандлага, ур чадвар, зан суртахууныг хөгжүүлэх, мөн шийдвэр гаргалтад олон нийтийг өргөнөөр идэвхтэй оролцуулах зайлшгүй чухал арга хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл, боловсролоор дамжуулан өнөө ба ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө байгаль орчин, эдийн засгийн чадамж, амьдрах нийгмийн тогтвортой ирээдүйг бий болгох, ийм зан үйл, хандлага харилцаанд гарах өөрчлөлтийг дэмжих явдал. Үүнийг бүх нийтийн “Тогтвортой хөгжлийн боловсрол” хэмээн нэрлэж байна.

...
...

Монгол улсын боловсролын салбар ч гэсэн нийгэмд бие дааж, өөрөө хөгжих чадвартай "Зөв монгол хүн"-ийг хөгжүүлэх түүхэн үетэй тулгарч байна. Монгол улсыг дэлхийн хөгжилтэй орон болгоход хүнээ хөгжүүлэх цогц боловсролын бодлого хэрэгцээтэй байгаа өнөө үед дэлхийн хөгжлийн чиг хандлага болох тогтвортой хөгжлийн боловсролтой хөл нийлүүлэн ажиллаж, амьдрах чадвартай, эко чиг хандлагыг өөртөө баримталдаг хүнийг хөгжүүлэх, төлөвшүүлэх хэрэгцээ шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, аль нэг засгийн газар, улс төр, санхүү, эдийн засгийн байдлаас үл шалтгаалан бид өөрсдөө эко орчныг бий болгодог, бүрдүүлдэг гэдгийг иргэн хүнд ойлгуулах нь чухал юм. Иймд, иргэн хүний насан туршдаа суралцах үйлээр дамжуулан дээрх хэрэгцээг хангах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд энэ модулийн хэрэгцээ, үндэслэл оршино.